МОНГОЛД 70.000 ГАРУЙ ХҮҮХЭД ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ

Gantsatsral.M, Mongolian volunteer to eco-environment
(Translated by Odnoo)

Энд тэнд машин угааж хог түүж, хаа нэгтэйгээс олсон цаасан хайрцаг урдаа тавьчихаад хоолойгоо сөөтөл дуулж байгаа халтар жаалуудыг хараад бид юу гэж боддог билээ. Өрөвдөж өмгөөлөхөөсөө илүүтэйгээр цэрвэж, цээрлэж  ядуу дорой эцэг эхээсээ болж ингэж суугаа тэднийг зэмлэнгүй харц шидэж хажуугаар нь өнгөрөх нь элбэг.

Тэд ч энэ амьдралдаа нэг мөсөн эвлэрээд мөнгө, гашуун үнэний өмнө хүчин мөхөсдсөн ч өөрийн болоод гэр бүлийнхнийхээ төлөө чадлынхаа хирээр зүтгэдэг. Зүүний үзүүр дээр тогтсон ширхэг будааны амьтай тэдгээр хүүхдүүдийн хувь заяа үнэхээр эмгэнэлтэй. Ар гэрийн амьдрал нь зодож нүддэг архичин аав, зовж тарчилсан ээж, сургууль завсардсан өлсгөлөн дүү нар, эсвэл өнчирч хоцорсон хүүхдүүд …ийм л амьдарал тэдний ар талд байдаг нь энгийн үнэн.

Ийм нөхцөл тэднийг аргагүй наснаасаа ахадсан амьдрал руу түлхэн оруулж буй нь ойлгомжтой. Тэднийхээр бол байгалийн хуулинд захирагдан амьдралын төлөөх тэмцэл иймэрхүү янзаар үргэлжлэнэ.

Монгол улсын хуулинд зааснаар 11 нас хүртэлх хүүхэд хөдөлмөр эрхлэх ёсгүй. Гэтэл манайд өнөөдөр 11 байтугай 5 настай хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг нийт хүүхдүүдийн 6.9 хувь нь 5-17 насныхан бөгөөд тэд идэвхитэй ажил хөдөлмөр эрхлэгчид гэж тогтоогджээ. Тэр дундаа энэ насны хүүхдүүдийн 90 гаруй хувь нь сургуулиас завсардаад өрхийн амжиргаагаа дээшлүүлэхийн тулд эцэг эхдээ туслан хөдөө мал малладаг аж. Хөдөөд бол ийм хүүхдүүд хоёр гурван айлын малыг цугт нь хариулах ба тэдний хөдөлмөрийг нь үнэлдэггүй, цалин хөлсгүй ажилуулдаг гэсэн судалгааг Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан байна.

2003 онд манай улсад 63 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг байсан бол өнгөрсөн оны байдлаар 71 мянга болтлоо өссөн үзүүлэлт гарчээ. Социализмын үед хөдөлмөр эрхэлдэг хүүхэд гэсэн ойлголт байдаггүй байв. Харин ардчилсан нийгэмд энэ бүхэн илүү эмзэг сэдэв болсон нь нэг талаас ядууралтай нөгөө талаас урьд өмнө хаалттай байсан нийгмийн шаар шавхруу ил болсоных гэж тайлбарлаж болно. Ардчиллын эхний жилүүдэд хүүхдүүд гэрээсээ траншей руу нүүж, тэнэмэл амьдралыг сонгох болсон нь эх эцгийн дарамт шахалт, хүчирхийлэл, ядуурлын улмаас сургууль завсардалт ихэссэнтэй холбоотой юм. Сүүлийн хэдэн жил төрөөс олгодог хүүхдийн халамжийн мөнгөөр амжиргаагаа залгуулдаг айл өрхүүд олон байгаа.

Эрэгтэй хүүхдийг бодвол эмэгтэй хүүхэд ийнхүү хөдөлмөр эрхлэх нь харьцангуй бага ч тэд илүү эрсдэлтэй замыг сонгох нь элбэг байдаг. Охид ихэвчлэн гэрийн үйлчлэгч, массажист, баар савны зөөгч гэсэн нэрээр биеэ үнэлэх, хүчирхийлэлд өртөх магадлал өндөртэй ажлыг хийдэг. Энэ нь тэдний амь нас, эрүүл мэндэд байнгын аюулыг дагуулж байдаг байна. Саяхан асрамжийн газарт өссөн 9 настай охиныг ээжийнх нь ах нар гэх 40 орчим насны гэр бүл үрчилж авчээ. Аав ээж нь түүнийг төрүүлээд удаагүй байхдаа мөнх бусыг үзүүлсэн тул охин өдийг хүртэл асрамжийн газарт өсч бойжжээ. Асрамжийн газрынхан охиныг цусан төрлийн ах дүүст нь үрчлүүллээ гэтэл араатнаас ялгарах зүйлгүй нөхдүүдийн саварт өгсөнөө мэдээгүй аж. Үрчилж авснаасаа хойш бараг сар хүрэхгүй хугацаанд жаахан охиныг зодож, гар хөлийг нь гэмтээгээд шөнөжин сандал өргүүлж тамлажээ. Ангийн багш нь цагдаагийн газарт хэлснээр уг хэрэг илэрсэн аж. Байнга гэрийн ажлаа хийлгэж, хувцас хунараа угаалган зарц боол мэт зодож занчдаг нь удаа дараагийн үйлдэл болохыг цагдаа нар илрүүлжээ. Өдийг хүртэл асрамжийн газарт байсан охиныг тэдгээр хүний үнэргүй амьтад ямар зорилгоор үрчилж авсан нь сонин. Магадгүй хүчээр биеийг нь үнэлүүлэх, худалдаж наймаалцах, эд эрхтэнийг нь зарах ч байсан юм уу гэсэн хирд хийлгэм бодол хэнд ч төрмөөр. “Намайг эдэнтэй битгий үлдээгээрэй” хэмээн аминчлан гуйх охины сэтгэлд ямар аймшигтай айдас хургаж байгаа нь ердөө энэ хэдхэн үгнээс тодорхой. Гэрэл гэгээтэй явах байсан нэг ч гэсэн хүний хувь заяа бусармаг хүмүүсийн гараар орж бузарлагдсан нь даанч харамсалтай.

Энэ мэтчилэн илд далд янз бүрийн хууль бус явдлууд өчнөөн төчнөөнөөрөө гарч үүний тоолонгоор цэцэг цэврүү шиг балчирхан хүүхдүүд түүнд өртөн амьдралдаа, сэтгэлдээ томоос том хар толботой үлдэж байгаад үнэхээр эмзэглэмээр.

Охидын хөдөлмөр эрхлэлтийг хүчээр хориглож зогсоон устгах боломжгүй гэнэ. Харин тэдэнтэй илэн далангүй ярьж, эцэг эхтэй нь уулзах зэрэг аль болох нааштай аргаар үзэх нь зөв аж. Учир нь улам далд хэлбэрт шилждэг тул тун нухацтай хандах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

11-13 настай хүүхэд хоногт хоёр цаг ажиллаж байвал эдийн засгийн идэвхитэйд тооцдог. Харин хууль бус үйл ажиллагаанд татагдан оролцож байгаа бол, эрхэлж буй ажил нь садар самуунд уруу татаж байгаа бол, тухайн хүүхдийн хийж буй ажил бие бялдар, оюун санаанд шууд нөлөөлж буй бол үүнийг нэн тэвчишгүй хөдөлмөр буюу огт ажил эрхлэж болохгүй гэж үзэх ба илэрсэн тохиолдол бүр дээр таслан зогсоох ёстойг эцэг эхчүүдэд анхааруулж байна. Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдийнх нь хийж буй ажил тэдэнд хэрхэн муугаар нөлөөлж буйг мэдсэн хирнээ хийлгэсээр байдаг.”Яахав, мөнгө хэрэгтэй юм чинь. Амь зуухын эрхэнд охиныхоо биеэ үнэлэхийг зогсоож чадаагүй” гэх зэрэг шалтгаан тоочих хүн цөөнгүй байдаг аж.

Бага ангидаа хичээл завсардаж сургуулиас гарсан охидын хувьд амьдралын аль ч замруу хазайлаа гэсэн ийм ирээдүй тосох нь элбэг. Харин хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? Эцэг эх үү, төр засаг уу, аль эсвэл ажил олгогч эзэд үү? Тэдгээр хүүхдүүдийг хэн хамгаалах вэ?
Гэтэл хуулийн зүйл заалт зөндөө хирнээ сахиулах мөрдөхөд их учир дутагдалтай.Оюун санаа, бие бялдарт нь нөлөөлж буй, эсвэл бэлгийн хүчирхийлэл, садар самуун руу түлхсэн ажлыг  хийлгэж буй аав ээжүүдийг эцэг эх байх эрхийг нь хасаж хүүхдийг нь төрийн хамгаалалтанд авна гэсэн заалт хүртэл бий. Гэвч дагаж мөрддөг нь хэр юм бол?. Хүүхдийн өмнөөс өмгөөлөл үүсгэж, асуудлыг нь шүүхийн өмнө тавьдаг хамгаалалтын тогтолцоо үнэндээ манайд байхгүй. Эрх нь зөрчигдөж буй хүүхдийг өмгөөлөх хуулийн байгууллага үгүй  гэсэн үг юм.Тэгэхээр тэднийг хэн хамгаалах вэ? Хэн тэднийг амьдралд нь хазгай гишгүүлэхгүй зөв замд нь чиглүүлж сэтгэл санаагаар дэмжих юм бэ? Тийм л төрийн байгууллага, сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжийн гар хэрэгтэй байна.

** First published in Nomad Green